Thursday, November 1, 2007

Монгол Хүн, Монгол Морь Хоёр л Нутаг Уруугаа Гүйдэг

Нийтлэлүүд бичсээр, та бүгдтэйгээ интернетээр уулзалдсан цагаас хойш 2 сар өнгөрчээ.

Энэ хугацаанд олон ч ХЭРҮҮЛ хийв. Олон ч удаа ХАЙР зарлалцав.
Уг нь бие биенээ мэдэхгүй хэрнээ, зүсийг нь ч хараагүй байж хэзээний танил анд нөхдүүд мэт, мэтгэлцэж суудаг нэг клубийнхэн бололцжээ.

Бичсэн бичлэг, өгүүлсэн сэтгэгдлүүдийг нь уншаад л яг тэр мөн байна гэж таньдаг шахам болчихож.
Нийтлэл дээр минь яагаад сэтгэгдлээ бичихгүй байнаа? гэж санаа зовдог. Биччихсэн байвал уухайн тас ХАРИУ барьдаг зуршилтай болсон байна.
Өглөө сэрээд л сайтаа ухдаг заншилтай болчихжээ.
Бүр сүүлдээ сайтаа ЧАТ шиг ашигладаг болчихож.
Нийтлэлийн сэдвээс хазайгаад өөр зүйл ярилцдаг болчихож.

-Гадаадаас сонгууль өгөх гэж та нар минь зүтгэв.
-Би гарч болох эрсдэлүүдийг баахан янзаар бичив.
-Та нар минь яадаг юм бэ? эрсдлээс айхгүй гэв.
-Би сонгууль аймаар булхайтай гэв.
-Зүгээрээ! ямар ч байсан өгөөд үзье гэж та нар минь хэлэв.
-Би бүр "та нарын Сонгуулийн эрхийг мэддэг хүн мэт" хариу барьсаар л.
-Амьдрал үргэлжилсээр л...
-Төр ажилсаар л...
-Сонгууль ойртсоор л...
-Бид бичсээр л...

Одоо хийцгээе. Эхний хамтарсан ажил маань "сонгуульд гадаадаас оролцох" асуудал байг.

Би хуулийг нь судлаж байна. Та нар ч судал. Нет дээр бүгд бий. Гарсан материалуудтай танилцаж байна. Хүмүүстэй уулзаж байна. Санал солилцож байна. Цаг яаж эргэхийг анзаар ч байна.

Та бүгд гарын үсэг цуглуулан, саналаа нэмэрлээд нааш нь итгэлтэй хүнээрээ дамжуулан явуулчих. Хурдан бол сайн байна. Олон байх тусмаа сайн шүү. Бүгд бол бүүр сайн.

Одоогоор хуулиас арай ч хасчихаагүй байгаа болохоор боломж байна. Өөр олон зүйлд сатаарч байх хооронд маань баталчихсан байх вий гэдгийг бид энд хянаад байж байя. Том лидерүүдийг татан оролцуулъя. Намуудыг ч энэ ажилд анхаарлыг нь хандуулъя.

Гадаадад буюу "наана чинь" нөхцөл ямар байгааг бид мэдэхгүй тул Та нар наанаа байгаа боломжуудаа бидэнд бичээрэй.
Яг хэдүүлээ байгаагаа та нар л хэлэхгүй бол чамайг, таныг гадаадад байгааг аягүй бол мэдэхгүй л байгаа шүү энэ төр.

Улаанбаатар хотын сая дахь иргэн гээд 6 хүүхдийг тодруулж байгаагаас нь харахад олон хүүхдэд шагнал өгч байгаа нь САЙШААЛТАЙ хэдий ч хүн амынхаа тоог яг хэлчих хүн гарахгүй байгаа нь ЭМГЭНЭЛТЭЙ санагдав.

Эвлэлдэн нэгдэхийг өнөөдрөөс эхэлье.

Солонгост Монгол залуучууд холбоо байгуулсан байсан. Энэ бол маш зөв. Тийм болохоор түр амьдарч буй орон болгондоо "Холбоо" биш юм аа гэхэд "Нөхөрлөл" байгуулах шаардлагатай байна.

Цаашид дандаа олон гарын үсэг зурж явуулаад байж таарахгүй тул "Бүх гарын үсгийг орлох ТАМГА" хэрэгтэй байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй шүү.

Эх орноо САЙН талаар сурталчлах асуудлыг бид бодлоготойтойгоор явуулахгүй бол ТӨР "сайн дурынханд" даатгачихаад өөр зүйл дээр хэрэлдээд явж байна.

Үүний муу үр дүн нь Монгол улсын нэр хүнд, түүгээр дамжин бидний нэр хүнд хугараад байгаа явдал юм.
Энэ янзаараа байвал "Би Монгол хүн" гэж хэлэхээсээ ИЧИХЭД хүрэх нь байна шүү.

"Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий мэт боддог..." гэсэн сайхан шүлэг ОНИГОО болох нь байна.

Өвгөдийн маань ур ухаан, амьдралаас бүтсэн "Хамгийн экологич сууц" болох "Монгол гэр" маань ядуусын гэх тодорхойлолтын тэргүүн эгнээнд "Гэр хорооллын" гэсэн байдлаар муугаар сурталчлагддаг болсон байна. Үүнийг анхаарах цаг нь болсон. Монголын "Их хаадууд" хүртэл Гэрт амьдарч, Гэрт их хэргийг хэлэлцэж, Гэртээ мөнх бусыг үздэг байсан ТҮҮХ байдаг атал одоо "Монгол гэр" Монголчуудын ядуурлын илэрхийлэл болчихсон ДЭЛХИЙД ТАНИГДАЖ явна.

"Дөрвөн цагийн улиралд
Дураараа нүүх нутаг" маань эзэнгүй болох нь.

Мэдээллийг ил болгох ажлыг хамтдаа хийцгээе.

Монголын Яамдуудад олон мэдээлэл ирдэг хэдий ч тэд "Өөрсөддөө хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?" гээд нийтэд ил зарлахгүй байна. Иймд энэ үүргийг цөмөөрөө өөрсөд дээрээ авцгаая. Мэдээлэл хүрэхгүй байгаа монгол түмэндээ ил мэдээлдэг болцгооё.

Цаашид энэ мэт ажлыг би заавал "ӨӨРИЙН" сайт дээр бичиж "ӨМЧЛӨХ" шаардлагагүй тул "НИЙТИЙН" байж чадах "dayarmongol.com", "sonin.mn" зэрэг сайтдаа энэ үүргүүдээ хүлээлгэе.

Гадаадад байгаа та бүхэн минь энд тэндээс захиалга олж ирээд Монголдоо байгаа бид чинь хийж бүтээгээд хамтдаа ЗАРДАГ. Ашгийг нь сайхан хуваагаад авчихдаг тийм тогтолцоог эхлүүлэх цаг нь нэгэнт болжээ.

Үүнийг хийх гол арга зам нь "гадаадад байгаа нэгдэл", "дотоодод байгаа нэгдэл" хоорондын ХАМТЫН АЖИЛЛАГАА юм.

Эндээс л тодорхой ажил эхэлнэ. Эхэндээ ашиггүй мэт харагдах авч ЯГ ХИЙГДЧИХВЭЛ бидэнд асар их ашгийг авчрах боломж байна.

Ганц хүн бол өөрийн боломж, тархи ходоодныхоо хэмжээгээр ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭР Л АВНА. Харин Бүгд хамтдаа байх юм бол БҮГДИЙГ НЬ АВЧ ЧАДНА. Эндээс л НИЙГЭМ ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ.

Цаашид

Бидэнд ХАМТАРЧ ХИЙХ олон ажлууд байна. Бүгдийг нь зэрэг эхлэвэл хүч тарамдах учир ХЭЛМЭЭР байвч амаа түр хамхих шаардлага байгаа тул уучилна уу? гэж хүсье.

"Удахгүй бичээд захиалаад эхэлнэ" гэдгээ та нартаа хэлье.

Гэхдээ зүгээр ярилцахгүйгээр ямар нэгэн "ҮР ДҮН", тамга тэмдэг гарын үсгээр баталгаажсан "ГЭРЭЭ" байгуулдаг байх нь чухал байна.

Аливаа мэдлэг тархинд байхдаа бол ЮУ Ч БИШ. Цаасан дээр буухаараа жинхэнэ "БАЯЛАГ" болдог гэдгийг дор бүрнээ санах нь чухал шүү.

Авсан сурсан мэдсэнээ тархиндаа үлдээгээд хорвоогоос халих юм бол ТҮҮХЭНД хэзээ ч тэмдэглэгдэхгүйгээр үл барам "АГУУ ИХ ХУВИА ХИЧЭЭГЧ МӨН".

Миний хувьд өөртөө "Монголчуудын сайхан амьдруулах" гэсэн АСАР том зорилго тавьсан бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд олон зорилт дэвшүүлсний "Нэгдүгээр зорилт" нь "Өөрт байгаа одоогоор хэрэгжүүлж амжихгүй АЛТ шиг санааг бусдад хайр гамгүй хэлэх явдал юм" гэж тодорхойлсон билээ.

Үүний дараа л би маш их тайвширч чадсан юм.

1-р зорилтоо хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд үүнээс л би одоо хамгийн их баяр хөөр, кайфыг авч байна даа.

Дахин сануулахад мэдлэг цаасан дээр бууж байж л жинхэнэ мэдлэг болдог.
Зорилгоо цаасан дээр бичээд түүнийгээ биелүүлэх зорилтуудыг цаасан дээр бичиж байж л сая СИСТЕМД ордог шүү гэдгийг анхаарахыг хүсье.

Цаас гэдгийг шууд утгаар нь бүү хүлээн аваарай. Байгалиас заяасан хоёр нүдэнд харагддаг байх гэдэг утгаараа юм шүү.
Сэтгэлийн нүд, билгийн нүдэнд харагддаг юм бол зүгээр мөрөөдөл байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй биз ээ.

Гадныхны ярьж бичиж байгаа Монголчууд ядуу байна гэсэн үгний тухайд

Монголчууд ядуу гэж битгий ИХ яриасай гэж хүсдэг.
"Амны билгээс ашдын билэг" гэсэн үг байдаг гээд хэлчихвэл зарим хүмүүс "Ядуу байж би баян хүн гэж дэмий донгосох юм биз дээ" гэж мушгих нь дамжиггүй.

Монголчуудын жинхэнэ ядуурал бол СЭТГЭЛГЭЭНДЭЭ байгаа гэж би үздэг.

Тэрнээс биш Монголчуудыг турж үхэж буй африк, өмнөд америкийн орнуудын хүмүүстэй бол зүйрлүүлж БАЙР эзлүүлээд байх ямар ч үндэс байхгүй.

Гараад гүйхэд алаад идчихээр ан бол бидэнд бий. Гүйж очоод тариа ногоо ургуулаад идчих газар байна. 5 хонь худалдаж авчихаад сүүг нь уугаад байхад л дараа жил нь 7 хоньтой болчих боломж байна.

Гадаадын "Гуйлгачид" Монголд ирэх юм бол шууд л ТАРГАЛЖ үхэхээр НӨХЦӨЛ Монголд байна.

Би нэг жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө би ядуу гэгдэх хүмүүст Мэргэжил олгоод Ажилд оруулдаг "Ганц боломж" нэртэй ТВ хөтөлбөр хийсэн юм. Тэгээд удалгүй больсон.

Шалтгаан нь: Богд уулнаас гишүү түүн авчирч зардаг залуу гэр бүлийг нэвтрүүлэгтээ оролцуулав. Нөхөр эхнэр, дүүтэйгээ нийлээд гурвуулаа гишүү түүдэг байв. Өдөртөө 1 л удаа модонд яваад, ирмэгцээ борлуулчихдаг бизнес юм байна л даа. Том шуудайтай гишүү нь 4 жижиг шуудай болдог юм байна. Ингээд 1 хүн өдөрт 3200 төгрөг. Гэр бүлээрээ нийлээд өдөрт 10000 төгрөг олдог байв. Энэ ажилдаа өдөрт 3 цаг зарцуулдаг. Бусад үед нь гэр бүлээрээ, 3 хүүхэдтэйгээ голын эрэг дээр өнждөг ийм л амьдрал.

Гэтэл би тэднийг өдрийн 8-10 цаг ажиллуулчихаад 120000 төгрөгний цалинтай ажилд оруулах гээд байдаг. Эндээс л би ӨӨРИЙГ харж эхэлсэн билээ.

Хог түүж амьдардаг олон залуусыг нэвтрүүлэгтээ оруулсан. Тэд өдөрт дунджаар хог түүгээд 6000 төгрөг олдог байлаа. Өглөө гарч хогоо түүгээд түүнийгээ тушаачихна. Үүндээ 3-4 цагийг л зарцуулдаг байв. Бусад үед нь гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ цуг.

Би тэднийг хувцас муутай байхаар нь, харахад халтартсан, наранд борлосон байхаар нь зүгээр л өрөвдөөд байсан байлаа. Гэтэл хийдэг ажил нь муу хувцастай байхыг шаарддаг болохыг ойлгосон юм.

Хичээл дээр тэд дажгүй хөөрхөн хувцастай ирдэг байв.

Эндээс би дараах дүгнэлтүүдийг хийсэн юм.

-Манай залуус одоогоор ажилгүй биш юм байнаа гэж.
-Тэд зүгээр л ТААЛАГДАХ ЦАЛИНГАА ХҮЛЭЭЖ байгаа юм байна гэж.
-Цалин таалагдах юм бол тэд юуг ч хийж чадах юм байна гэж.
-Тэдэнд сайн цалин өгөхийн тулд захирлуудын тархинд юм хийх ёстой юм байна гэж.
-Захирлуудын бизнесийг 3 дахин, 4 дахин өсгөх ёстой юм байна гэж.
-Тэгээд дараа нь ажилчиндаа сайн цалин өгөхийг шаардах ёстой юм байна гэж.
-Боломжтой болчихоод ажилчдаасаа авах ёстой цалинг харамлаж байгаа захирлыг шударга өрсөлдөөнөөр зах зээлээс зайлуулах ёстой юм байна гэдгийг ОЙЛГОСОН юм.

Энэ шалтгаанаас л болж би монгол маркетингийг хийж, судлаж эхэлсэн билээ.

Автобусанд орж ирэх ядуу хүмүүсийг хараад дургуйцэх олон залуусыг хараад тэднийг эсэргүүцэн ядуу хүнийг автобусанд ороход нь тусладаг байв. Гэтэл нэг л биш ээ. Миний хамар тэдний үнэрийг нь тэвчихгүй байв. Ингээд би аажмаар тэднээс холдон урагшилсан юм.

Үүнээс болж би "Хүмүүс уг нь тэдэнд дургуй биш бүгд л өрөвдөж байгаа юм байна даа, харин үнэр нь л таалагдахгүй байгаа юм байна" гэдгийг ойлгосон юм.

Ингээд "Хог боловсруулах үйлдвэр" барих талаар төсөл, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Бохир заваанаас нь халшрахгүй ажиллах боломж тэдэнд байгаа юм байна даа. Өндөр цалин авах боломж байгаа юм байна. Ажлаа тараад усанд орчихоод НӨГӨӨ хувцсаа солиод өмсчихөөр жирийн биднээс ялгарахгүй, бүр илүү ч боломжууд тэдэнд байна гэж БОДОЖ ЭХЛЭВ. Дараа нь айлуудаас хогийг нь худалдаж авна.

Та бүхэн энэ санааг минь дэмжиж байгаа бол хувь нэмрээ оруулвал сайн шүү. Энэ асуудлыг би өөртөө ашигтай байхаар шийдвэрлэх ямар ч хүсэлгүй бөгөөд Монголын бүх хүнийг оролцуулсан Жинхэнэ Хувьцаат компани байгаасай гэж хүсдэг. Сайн захирлыг бол цөмөөрөө ярилцаж байгаад тавьчихаж болно. Цөмөөрөө дэмжээд үйлдвэрийг нь ашигтай ажиллуулчихаж болно. Тэгэх юм бол нэг хэсэг нь цалингаа авч, нөгөө хэсэг нь хувьцаагаа авч, дээр нь хаях хогоо үнэлэн зарж, нилээдгүй их түүхий эд эндээс бий болж, үйлдвэрлэлд ахиц гарч, эрчим хүчний шинэ нөөц бий болж, ЯДАХДАА монголдоо цонхны шил үйлдвэрлэчих, сав, баглаа боодол хийх ШУУД боломж нь бүрдэнэ гэж бодож байна.

За за. Ингээд л бичээд байвал олон олон зүйл байна. Түр завсарлая....

"Хэн нэг нь хийчих байлгүй дээ" гэж чи хэрвээ нэг удаа бодоод өнгөрсөн удаа байгаа бол өөрийгөө "хувиа хичээгч болох зам дээрээ байгаа юм байна" гэж бодох нь зүйтэй шүү залуусаа. Анзаарцгаая.

Та нарынхаа зүрхээрээ уйлж байгааг би хараагүй хэдий ч Мэдрээд байна.

-Битгий бухимдаарай!
-Битгий гутраарай!
-Зовхи нь өөдөө Монгол хүн шүү та нар!
-Зүгээр л Монголоо ӨРӨВДӨӨД байж болохгүй шүү!
-Зүгээр л нэгдэцгэе гэж ЯРИАД байж болохгүй шүү!
-Өөртөө ашигтайгаар Монголдоо туслах БОЛОМЖ бол бидэнд бүгдэд нь бий!
-Нэгийгээ хий хардах аа больсон цагт "Тамын тогооны үлгэр" бодит байдал БИШ жинхэнэ ҮЛГЭР болно шүү залуусаа.

Миний дайсан бол хүн биш АСУУДАЛ.

Асуудалтай бол хэзээ ч эвлэрэхгүй. Харин асуудлыг үүсгэж байгаа хүмүүсийг бол уучилсан ч чадна.

Үнэн гэдэг зүйл зөвхөн цаг хугацаагаар л баталгааждаг.
Төрөх нь үхэх нь ҮНЭН гэдэгтэй адил аливаа Муу зүйл ихэнхдээ Сайн үр дүнгийн суурь нөхцөл, "сайн зүйлийн" оршин байхын баталгаа болдог гэдгийг санах нь зүйтэй. Гэвч энэ үг "мууг хийгээд бай" гэсэн уриа биш.

Хүнийг хаана ч байсан дагаж явдаг зүйл бол овог нэр, эх орон хоёр байдаг билээ. Бид бол төрсөн эх оронтой хүмүүс.
Эх орноо гандаж гундахыг зүгээр хараад суух тийм хувиа хичээгчид биш.

Эх нутгаа зорин тэмцэх адууг хараад самсаа шархирдаг атал
Эх нутгаа сэтгэлээрээ зорин тэмцэх Монгол хүмүүсээ бодохоор зүрхний угаас шүүрс алдах аж.

Хэзээ бид өнөр бүлээрээ цуглан сайн муугаа ярилцан хөхрөлдөж байх болоо гэж.

Гэвч энэ цаг удахгүй. Яагаад гэвэл "2,7 саяуулаа Туул голын хөвөөн дээр цуглаад ярилцах тухай", ТИЙМ уулзалтын тухай яриагүй билээ.

Бид сэтгэл зүрх, хийж буй АЖЛААРАА нэг зүгт харж чадах явдал нь "Их нэгдэл" маань юм.

Тэр цаг нэгэн яруу найрагчийн бичсэн шиг "Сэтгэлийн манан дундуур янцгаан давхих цагаан унага" мэт бидний "ИХ НЭГДЭЛ", Монгол орны минь "Сайхан ирээдүй" айсуй.

ХҮЛЭЭН суухын орон ТОСООД очицгооё.

2 comments:

Anonymous said...

блогт чинь оруулж чадахгүй байнаа.

Anonymous said...

Дарга , эзэн 2 зэрэг байж болох уу Галаа?
Өө.. нээрээ захирал,
Яагаад ингэж асууж байна гэхлээр би өөрөө багш хүн... байсан... болохоор зааж сургаж, удирдах дуртай. Хүүхэд байхдаа ариун цэвэр, салаан даргаас авахуулаад бүлгийн дарга хүртэл дэвшсэн. Ариун цэврийн дарга байхад л надад энэ чанар төлөвшсөн байх. 12 мөнгөний дэвтэрийг зөвхөн нэг хуудсыг нь үлдээгээд бусад хуудсыг нь дээр нь асуулт бичих зай үлдээгээд хайчилдаг юм.Асуултууд нь нусны алчуур, гутлын алчуур, хумс, бөөс, хуурс, толгой, гарын саарь гэж бичнэ. Доош нь бол ангийнхаа бүх хүүхдийн нэрийг жагсаана. 7 хоногт 2 удаа ариун цэвэр шалгана. Нэг нэгээр нь гаргаж ирээд шалгана даа.Хөөрхий хөвгүүд ёстой нэг жижигэрнэ дээ. Юун нөгөө завсарлагаанаар үс зулгаагаад гүйгээд байдаг хаачихав нусаа татаад, толгойгоо илээд, даалимбан бандаажныхаа резинийг сунгаж ирээд л шалгуулна даа. Охидын толгойд хуурс эрэх жинхэнэ шимтэй. Дургүй хүргэсэн охин байвал хуурсыг нь бөөс гээд бөглөчихнө. Найз охиноо бол бөөсийг нь хуурс болгоно, заримдаа багш байхгүй бол ноль гээд бөглөчихнө. Хамгийн гоё нь дараа нь болно. Ангийн хурлаар авч хэлэлцэнэ. Бүгд мэднэ. Өмнөх завсарлагаанаар хайрын захиа авсан охин нөгөө хүүгийнхээ нүүрийг харах ямрав дээ? Одоо бодоход жинхэнэ садист байсан байгаа биз?
Гэхдээ энэ чинь л тэр үед хүнийг төлөвших үед нь зан чанарт нь өөрчлөлт оруулдаг юм шиг байгаа юм. Дараа нь алдар нэр, Таван онцын эзэн, Нацагдорж тэмдэгтэн, хүндэт дэвтэрт бичигдэх, янз бүрийн баярын бичгүүд.................Өвлийн өвгөн аав нэрээр нь дуудна......гэх мэт.
Энэ бол миний өнгөрсөн амьдрал. Ийм хүн чинь дараа нь дарга л болох гээд үзнэ ш дээ. Хаа байсан оюутан болсон хойноо оюутны зөвлөлийн дарга. ....
Хойно сургууль төгссөн хойноо мэргэжлээрээ ажиллах гэж үзвээ. Үйлдвэрийн нэг мастер өвгөн заах гээд ...Туршилтын хугацааг нь арайхийж өнгөрөөгөөд инженер болдог юм. Гурвын гурван даргын доор ажиллана гэдэг бардаггүй даваа юм байна лээ.
Дараа нь ажлаа орхиод хөдөө байгаа аав ээж дээрээ очлоо. Хотод агаар таарахгүй байна гээд....Сургуульд орос хэл зааж эхэллээ. Болж байнаа. Хөдөөгийн бөглүү сумандаа гадаадад сураад ирсэн лайтай... Хөдөөний хүүхэдүүд хөөрхөн аймаар дуулгавартай...Гэтэл Багшийн Дээдийн диплом байхгүй учраас 450 төгрөгний цалин авна. Гэтэл дотоодод төгссөн модон хэлтэй орос хэлний багш нар болохоор 700 гаргаад авна. Дургүй хүрээд л.... Нэг сарынхаа бүх цалингаараа орос хэвлэл захийлна. 7 хоногт 2 удаа ирэх шууданг хараад суучихна. Оросууд ч бас биднээс арай түрүүлээд байсан нь үнэн шүү. Перестройк эхэлсэн чинь нэг л тийм сонин сэтгэл төрөөд л... Захирал хичээлийн эрхлэгч нараа шүүмжилдэг боллоо. Хурал болгон дээр авч өгсөөр байгаад сүүлдээ нам засгийн эсрэг үзэлтэн болсоноо мэдэв. Тэгж байтал ашгүй ардчилсан холбоо гарав. Эгч шууд л ажлаа орхиод хөхөө өвлөөр хот орж байгаа юм.
Надад дутаад байсаныг, хамгийн гол нь сэтгэлгээний эрх чөлөөг өгөх гээд байгааг нь зөн совингоороо мэдрээд...Дараа нь хувийн өмч... Угийн шуналгүй ч... Зөвлөлтөд байхад гадаадын оюутнуудын авчирч зардаг жийнс санаанд ороод цаана нь ещё гоё юмнууд байгааг кинон дээрээс харсан болохоор удахгүй тийм болчих юм байна гэж сэтгээд. Эхнээсээ хүмүүс Хятад яваад эхэллээ.
Замын Үүдэд нэг байцаагч хүүхэнтэй танилцаж гэрт нь хэд хоногийн өмнө баахан бугын ясан эвэр аваачаад Эрээнд ээлжиндээ гарах тоолонд нь нөгөө эвэрнүүдээ автобусыг нь тосож гүйж яваад явдал дунд нь өгнө. Нөгөөх маань шөнөдөө хэдэн юань болгоод надад авчирч өгнө. Тэгээд долоо хоногийн дараа Эрээн гэдгийг үзэж байгаа юм. Өдөрт зээлээр нь гарч баахан юм авна. Тэгсээр байгаад 10 хоног боллоо. Яах гэж тэнд тийм олон хоносон юм бол доо. Билет олдохгүй байсан санагддаг юм. Дахиад хэзээ ч тийшээ зүглээгүй. Энэ бол миний бизнесс хийх гэсэн эхний алхам маань байлаа.

За тэгээд эзэн ч болсон юмгүй, дарга болохоо аядаад хэдэн жилийг ардаа хийв.
Хувь заяаны эрхээр гэхүү.. хэхэхэ нэгмэдсэн чинь хөгшин Европод ирчихсэн байдаг байна ш дээ. Бүр байнга оршин суух эрхийг нь авчихсан. Эхний нэг хоёр жил юугаа ч мэдэхгүй ард хоцорч .
Галаа, би сэдвээсээ хазайчихлаа. Уг нь яагаад дарга болох гээд байгаагаа тайлбарлах гэж эхэлсэн чинь....
Дарга байх нь миний мөн чанар болчихоо шахсан талаар хэлэх гээд ... Сүүлийн үед Эзэн байх нь хамаагүй ашигтай гэдгийг ойлгоод уншаад л байна. Эзэн болохын тулд мөнгө бараг хэрэггүй гэсэн санааг ч дэвшүүлээд байх шиг. Өөрөөр хэлбэл нөөц бололцоо маш их байна шүү.
Эх орондоо ЭЗЭН нь болчихаад эд хөрөнгөндөө ЭЗЭН болбол бүр гоё. Тийм ээ???
Эсвэл эд хөрөнгөндөө эзэн суусаны дараа юу? Эзэн болох гэхлээр эх орон минь хулгайлчих гээд бас нэг айгаад байна. Эх орон бишээ. энэ улсууд.... тэр муухай агаа нар.... ий ий ...



Бичсэн энхээгээс Заяадаа,