Thursday, November 1, 2007

Монгол Хүн, Монгол Морь Хоёр л Нутаг Уруугаа Гүйдэг

Нийтлэлүүд бичсээр, та бүгдтэйгээ интернетээр уулзалдсан цагаас хойш 2 сар өнгөрчээ.

Энэ хугацаанд олон ч ХЭРҮҮЛ хийв. Олон ч удаа ХАЙР зарлалцав.
Уг нь бие биенээ мэдэхгүй хэрнээ, зүсийг нь ч хараагүй байж хэзээний танил анд нөхдүүд мэт, мэтгэлцэж суудаг нэг клубийнхэн бололцжээ.

Бичсэн бичлэг, өгүүлсэн сэтгэгдлүүдийг нь уншаад л яг тэр мөн байна гэж таньдаг шахам болчихож.
Нийтлэл дээр минь яагаад сэтгэгдлээ бичихгүй байнаа? гэж санаа зовдог. Биччихсэн байвал уухайн тас ХАРИУ барьдаг зуршилтай болсон байна.
Өглөө сэрээд л сайтаа ухдаг заншилтай болчихжээ.
Бүр сүүлдээ сайтаа ЧАТ шиг ашигладаг болчихож.
Нийтлэлийн сэдвээс хазайгаад өөр зүйл ярилцдаг болчихож.

-Гадаадаас сонгууль өгөх гэж та нар минь зүтгэв.
-Би гарч болох эрсдэлүүдийг баахан янзаар бичив.
-Та нар минь яадаг юм бэ? эрсдлээс айхгүй гэв.
-Би сонгууль аймаар булхайтай гэв.
-Зүгээрээ! ямар ч байсан өгөөд үзье гэж та нар минь хэлэв.
-Би бүр "та нарын Сонгуулийн эрхийг мэддэг хүн мэт" хариу барьсаар л.
-Амьдрал үргэлжилсээр л...
-Төр ажилсаар л...
-Сонгууль ойртсоор л...
-Бид бичсээр л...

Одоо хийцгээе. Эхний хамтарсан ажил маань "сонгуульд гадаадаас оролцох" асуудал байг.

Би хуулийг нь судлаж байна. Та нар ч судал. Нет дээр бүгд бий. Гарсан материалуудтай танилцаж байна. Хүмүүстэй уулзаж байна. Санал солилцож байна. Цаг яаж эргэхийг анзаар ч байна.

Та бүгд гарын үсэг цуглуулан, саналаа нэмэрлээд нааш нь итгэлтэй хүнээрээ дамжуулан явуулчих. Хурдан бол сайн байна. Олон байх тусмаа сайн шүү. Бүгд бол бүүр сайн.

Одоогоор хуулиас арай ч хасчихаагүй байгаа болохоор боломж байна. Өөр олон зүйлд сатаарч байх хооронд маань баталчихсан байх вий гэдгийг бид энд хянаад байж байя. Том лидерүүдийг татан оролцуулъя. Намуудыг ч энэ ажилд анхаарлыг нь хандуулъя.

Гадаадад буюу "наана чинь" нөхцөл ямар байгааг бид мэдэхгүй тул Та нар наанаа байгаа боломжуудаа бидэнд бичээрэй.
Яг хэдүүлээ байгаагаа та нар л хэлэхгүй бол чамайг, таныг гадаадад байгааг аягүй бол мэдэхгүй л байгаа шүү энэ төр.

Улаанбаатар хотын сая дахь иргэн гээд 6 хүүхдийг тодруулж байгаагаас нь харахад олон хүүхдэд шагнал өгч байгаа нь САЙШААЛТАЙ хэдий ч хүн амынхаа тоог яг хэлчих хүн гарахгүй байгаа нь ЭМГЭНЭЛТЭЙ санагдав.

Эвлэлдэн нэгдэхийг өнөөдрөөс эхэлье.

Солонгост Монгол залуучууд холбоо байгуулсан байсан. Энэ бол маш зөв. Тийм болохоор түр амьдарч буй орон болгондоо "Холбоо" биш юм аа гэхэд "Нөхөрлөл" байгуулах шаардлагатай байна.

Цаашид дандаа олон гарын үсэг зурж явуулаад байж таарахгүй тул "Бүх гарын үсгийг орлох ТАМГА" хэрэгтэй байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй шүү.

Эх орноо САЙН талаар сурталчлах асуудлыг бид бодлоготойтойгоор явуулахгүй бол ТӨР "сайн дурынханд" даатгачихаад өөр зүйл дээр хэрэлдээд явж байна.

Үүний муу үр дүн нь Монгол улсын нэр хүнд, түүгээр дамжин бидний нэр хүнд хугараад байгаа явдал юм.
Энэ янзаараа байвал "Би Монгол хүн" гэж хэлэхээсээ ИЧИХЭД хүрэх нь байна шүү.

"Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий мэт боддог..." гэсэн сайхан шүлэг ОНИГОО болох нь байна.

Өвгөдийн маань ур ухаан, амьдралаас бүтсэн "Хамгийн экологич сууц" болох "Монгол гэр" маань ядуусын гэх тодорхойлолтын тэргүүн эгнээнд "Гэр хорооллын" гэсэн байдлаар муугаар сурталчлагддаг болсон байна. Үүнийг анхаарах цаг нь болсон. Монголын "Их хаадууд" хүртэл Гэрт амьдарч, Гэрт их хэргийг хэлэлцэж, Гэртээ мөнх бусыг үздэг байсан ТҮҮХ байдаг атал одоо "Монгол гэр" Монголчуудын ядуурлын илэрхийлэл болчихсон ДЭЛХИЙД ТАНИГДАЖ явна.

"Дөрвөн цагийн улиралд
Дураараа нүүх нутаг" маань эзэнгүй болох нь.

Мэдээллийг ил болгох ажлыг хамтдаа хийцгээе.

Монголын Яамдуудад олон мэдээлэл ирдэг хэдий ч тэд "Өөрсөддөө хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ?" гээд нийтэд ил зарлахгүй байна. Иймд энэ үүргийг цөмөөрөө өөрсөд дээрээ авцгаая. Мэдээлэл хүрэхгүй байгаа монгол түмэндээ ил мэдээлдэг болцгооё.

Цаашид энэ мэт ажлыг би заавал "ӨӨРИЙН" сайт дээр бичиж "ӨМЧЛӨХ" шаардлагагүй тул "НИЙТИЙН" байж чадах "dayarmongol.com", "sonin.mn" зэрэг сайтдаа энэ үүргүүдээ хүлээлгэе.

Гадаадад байгаа та бүхэн минь энд тэндээс захиалга олж ирээд Монголдоо байгаа бид чинь хийж бүтээгээд хамтдаа ЗАРДАГ. Ашгийг нь сайхан хуваагаад авчихдаг тийм тогтолцоог эхлүүлэх цаг нь нэгэнт болжээ.

Үүнийг хийх гол арга зам нь "гадаадад байгаа нэгдэл", "дотоодод байгаа нэгдэл" хоорондын ХАМТЫН АЖИЛЛАГАА юм.

Эндээс л тодорхой ажил эхэлнэ. Эхэндээ ашиггүй мэт харагдах авч ЯГ ХИЙГДЧИХВЭЛ бидэнд асар их ашгийг авчрах боломж байна.

Ганц хүн бол өөрийн боломж, тархи ходоодныхоо хэмжээгээр ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭР Л АВНА. Харин Бүгд хамтдаа байх юм бол БҮГДИЙГ НЬ АВЧ ЧАДНА. Эндээс л НИЙГЭМ ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ.

Цаашид

Бидэнд ХАМТАРЧ ХИЙХ олон ажлууд байна. Бүгдийг нь зэрэг эхлэвэл хүч тарамдах учир ХЭЛМЭЭР байвч амаа түр хамхих шаардлага байгаа тул уучилна уу? гэж хүсье.

"Удахгүй бичээд захиалаад эхэлнэ" гэдгээ та нартаа хэлье.

Гэхдээ зүгээр ярилцахгүйгээр ямар нэгэн "ҮР ДҮН", тамга тэмдэг гарын үсгээр баталгаажсан "ГЭРЭЭ" байгуулдаг байх нь чухал байна.

Аливаа мэдлэг тархинд байхдаа бол ЮУ Ч БИШ. Цаасан дээр буухаараа жинхэнэ "БАЯЛАГ" болдог гэдгийг дор бүрнээ санах нь чухал шүү.

Авсан сурсан мэдсэнээ тархиндаа үлдээгээд хорвоогоос халих юм бол ТҮҮХЭНД хэзээ ч тэмдэглэгдэхгүйгээр үл барам "АГУУ ИХ ХУВИА ХИЧЭЭГЧ МӨН".

Миний хувьд өөртөө "Монголчуудын сайхан амьдруулах" гэсэн АСАР том зорилго тавьсан бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд олон зорилт дэвшүүлсний "Нэгдүгээр зорилт" нь "Өөрт байгаа одоогоор хэрэгжүүлж амжихгүй АЛТ шиг санааг бусдад хайр гамгүй хэлэх явдал юм" гэж тодорхойлсон билээ.

Үүний дараа л би маш их тайвширч чадсан юм.

1-р зорилтоо хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд үүнээс л би одоо хамгийн их баяр хөөр, кайфыг авч байна даа.

Дахин сануулахад мэдлэг цаасан дээр бууж байж л жинхэнэ мэдлэг болдог.
Зорилгоо цаасан дээр бичээд түүнийгээ биелүүлэх зорилтуудыг цаасан дээр бичиж байж л сая СИСТЕМД ордог шүү гэдгийг анхаарахыг хүсье.

Цаас гэдгийг шууд утгаар нь бүү хүлээн аваарай. Байгалиас заяасан хоёр нүдэнд харагддаг байх гэдэг утгаараа юм шүү.
Сэтгэлийн нүд, билгийн нүдэнд харагддаг юм бол зүгээр мөрөөдөл байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй биз ээ.

Гадныхны ярьж бичиж байгаа Монголчууд ядуу байна гэсэн үгний тухайд

Монголчууд ядуу гэж битгий ИХ яриасай гэж хүсдэг.
"Амны билгээс ашдын билэг" гэсэн үг байдаг гээд хэлчихвэл зарим хүмүүс "Ядуу байж би баян хүн гэж дэмий донгосох юм биз дээ" гэж мушгих нь дамжиггүй.

Монголчуудын жинхэнэ ядуурал бол СЭТГЭЛГЭЭНДЭЭ байгаа гэж би үздэг.

Тэрнээс биш Монголчуудыг турж үхэж буй африк, өмнөд америкийн орнуудын хүмүүстэй бол зүйрлүүлж БАЙР эзлүүлээд байх ямар ч үндэс байхгүй.

Гараад гүйхэд алаад идчихээр ан бол бидэнд бий. Гүйж очоод тариа ногоо ургуулаад идчих газар байна. 5 хонь худалдаж авчихаад сүүг нь уугаад байхад л дараа жил нь 7 хоньтой болчих боломж байна.

Гадаадын "Гуйлгачид" Монголд ирэх юм бол шууд л ТАРГАЛЖ үхэхээр НӨХЦӨЛ Монголд байна.

Би нэг жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө би ядуу гэгдэх хүмүүст Мэргэжил олгоод Ажилд оруулдаг "Ганц боломж" нэртэй ТВ хөтөлбөр хийсэн юм. Тэгээд удалгүй больсон.

Шалтгаан нь: Богд уулнаас гишүү түүн авчирч зардаг залуу гэр бүлийг нэвтрүүлэгтээ оролцуулав. Нөхөр эхнэр, дүүтэйгээ нийлээд гурвуулаа гишүү түүдэг байв. Өдөртөө 1 л удаа модонд яваад, ирмэгцээ борлуулчихдаг бизнес юм байна л даа. Том шуудайтай гишүү нь 4 жижиг шуудай болдог юм байна. Ингээд 1 хүн өдөрт 3200 төгрөг. Гэр бүлээрээ нийлээд өдөрт 10000 төгрөг олдог байв. Энэ ажилдаа өдөрт 3 цаг зарцуулдаг. Бусад үед нь гэр бүлээрээ, 3 хүүхэдтэйгээ голын эрэг дээр өнждөг ийм л амьдрал.

Гэтэл би тэднийг өдрийн 8-10 цаг ажиллуулчихаад 120000 төгрөгний цалинтай ажилд оруулах гээд байдаг. Эндээс л би ӨӨРИЙГ харж эхэлсэн билээ.

Хог түүж амьдардаг олон залуусыг нэвтрүүлэгтээ оруулсан. Тэд өдөрт дунджаар хог түүгээд 6000 төгрөг олдог байлаа. Өглөө гарч хогоо түүгээд түүнийгээ тушаачихна. Үүндээ 3-4 цагийг л зарцуулдаг байв. Бусад үед нь гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ цуг.

Би тэднийг хувцас муутай байхаар нь, харахад халтартсан, наранд борлосон байхаар нь зүгээр л өрөвдөөд байсан байлаа. Гэтэл хийдэг ажил нь муу хувцастай байхыг шаарддаг болохыг ойлгосон юм.

Хичээл дээр тэд дажгүй хөөрхөн хувцастай ирдэг байв.

Эндээс би дараах дүгнэлтүүдийг хийсэн юм.

-Манай залуус одоогоор ажилгүй биш юм байнаа гэж.
-Тэд зүгээр л ТААЛАГДАХ ЦАЛИНГАА ХҮЛЭЭЖ байгаа юм байна гэж.
-Цалин таалагдах юм бол тэд юуг ч хийж чадах юм байна гэж.
-Тэдэнд сайн цалин өгөхийн тулд захирлуудын тархинд юм хийх ёстой юм байна гэж.
-Захирлуудын бизнесийг 3 дахин, 4 дахин өсгөх ёстой юм байна гэж.
-Тэгээд дараа нь ажилчиндаа сайн цалин өгөхийг шаардах ёстой юм байна гэж.
-Боломжтой болчихоод ажилчдаасаа авах ёстой цалинг харамлаж байгаа захирлыг шударга өрсөлдөөнөөр зах зээлээс зайлуулах ёстой юм байна гэдгийг ОЙЛГОСОН юм.

Энэ шалтгаанаас л болж би монгол маркетингийг хийж, судлаж эхэлсэн билээ.

Автобусанд орж ирэх ядуу хүмүүсийг хараад дургуйцэх олон залуусыг хараад тэднийг эсэргүүцэн ядуу хүнийг автобусанд ороход нь тусладаг байв. Гэтэл нэг л биш ээ. Миний хамар тэдний үнэрийг нь тэвчихгүй байв. Ингээд би аажмаар тэднээс холдон урагшилсан юм.

Үүнээс болж би "Хүмүүс уг нь тэдэнд дургуй биш бүгд л өрөвдөж байгаа юм байна даа, харин үнэр нь л таалагдахгүй байгаа юм байна" гэдгийг ойлгосон юм.

Ингээд "Хог боловсруулах үйлдвэр" барих талаар төсөл, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Бохир заваанаас нь халшрахгүй ажиллах боломж тэдэнд байгаа юм байна даа. Өндөр цалин авах боломж байгаа юм байна. Ажлаа тараад усанд орчихоод НӨГӨӨ хувцсаа солиод өмсчихөөр жирийн биднээс ялгарахгүй, бүр илүү ч боломжууд тэдэнд байна гэж БОДОЖ ЭХЛЭВ. Дараа нь айлуудаас хогийг нь худалдаж авна.

Та бүхэн энэ санааг минь дэмжиж байгаа бол хувь нэмрээ оруулвал сайн шүү. Энэ асуудлыг би өөртөө ашигтай байхаар шийдвэрлэх ямар ч хүсэлгүй бөгөөд Монголын бүх хүнийг оролцуулсан Жинхэнэ Хувьцаат компани байгаасай гэж хүсдэг. Сайн захирлыг бол цөмөөрөө ярилцаж байгаад тавьчихаж болно. Цөмөөрөө дэмжээд үйлдвэрийг нь ашигтай ажиллуулчихаж болно. Тэгэх юм бол нэг хэсэг нь цалингаа авч, нөгөө хэсэг нь хувьцаагаа авч, дээр нь хаях хогоо үнэлэн зарж, нилээдгүй их түүхий эд эндээс бий болж, үйлдвэрлэлд ахиц гарч, эрчим хүчний шинэ нөөц бий болж, ЯДАХДАА монголдоо цонхны шил үйлдвэрлэчих, сав, баглаа боодол хийх ШУУД боломж нь бүрдэнэ гэж бодож байна.

За за. Ингээд л бичээд байвал олон олон зүйл байна. Түр завсарлая....

"Хэн нэг нь хийчих байлгүй дээ" гэж чи хэрвээ нэг удаа бодоод өнгөрсөн удаа байгаа бол өөрийгөө "хувиа хичээгч болох зам дээрээ байгаа юм байна" гэж бодох нь зүйтэй шүү залуусаа. Анзаарцгаая.

Та нарынхаа зүрхээрээ уйлж байгааг би хараагүй хэдий ч Мэдрээд байна.

-Битгий бухимдаарай!
-Битгий гутраарай!
-Зовхи нь өөдөө Монгол хүн шүү та нар!
-Зүгээр л Монголоо ӨРӨВДӨӨД байж болохгүй шүү!
-Зүгээр л нэгдэцгэе гэж ЯРИАД байж болохгүй шүү!
-Өөртөө ашигтайгаар Монголдоо туслах БОЛОМЖ бол бидэнд бүгдэд нь бий!
-Нэгийгээ хий хардах аа больсон цагт "Тамын тогооны үлгэр" бодит байдал БИШ жинхэнэ ҮЛГЭР болно шүү залуусаа.

Миний дайсан бол хүн биш АСУУДАЛ.

Асуудалтай бол хэзээ ч эвлэрэхгүй. Харин асуудлыг үүсгэж байгаа хүмүүсийг бол уучилсан ч чадна.

Үнэн гэдэг зүйл зөвхөн цаг хугацаагаар л баталгааждаг.
Төрөх нь үхэх нь ҮНЭН гэдэгтэй адил аливаа Муу зүйл ихэнхдээ Сайн үр дүнгийн суурь нөхцөл, "сайн зүйлийн" оршин байхын баталгаа болдог гэдгийг санах нь зүйтэй. Гэвч энэ үг "мууг хийгээд бай" гэсэн уриа биш.

Хүнийг хаана ч байсан дагаж явдаг зүйл бол овог нэр, эх орон хоёр байдаг билээ. Бид бол төрсөн эх оронтой хүмүүс.
Эх орноо гандаж гундахыг зүгээр хараад суух тийм хувиа хичээгчид биш.

Эх нутгаа зорин тэмцэх адууг хараад самсаа шархирдаг атал
Эх нутгаа сэтгэлээрээ зорин тэмцэх Монгол хүмүүсээ бодохоор зүрхний угаас шүүрс алдах аж.

Хэзээ бид өнөр бүлээрээ цуглан сайн муугаа ярилцан хөхрөлдөж байх болоо гэж.

Гэвч энэ цаг удахгүй. Яагаад гэвэл "2,7 саяуулаа Туул голын хөвөөн дээр цуглаад ярилцах тухай", ТИЙМ уулзалтын тухай яриагүй билээ.

Бид сэтгэл зүрх, хийж буй АЖЛААРАА нэг зүгт харж чадах явдал нь "Их нэгдэл" маань юм.

Тэр цаг нэгэн яруу найрагчийн бичсэн шиг "Сэтгэлийн манан дундуур янцгаан давхих цагаан унага" мэт бидний "ИХ НЭГДЭЛ", Монгол орны минь "Сайхан ирээдүй" айсуй.

ХҮЛЭЭН суухын орон ТОСООД очицгооё.

"Аавын бийд Газар үз"

Төр ялзарчээ?
Сайн хүмүүсийг төрд гаргах юмсан даа?
76-г яах вэ?
Сайн цалин авах юмсан яах вэ?
Байртай болох юмсан яах вэ?
Оюу толгой, таван толгойг яах вэ?
Хүүхдээ яах вэ?
Энэ авилгалыг яах вэ?
Муу хүмүүсийг яах вэ?
Янхнуудыг яах вэ?
Ядуу хүмүүсийг яах вэ?
Мөнгөтэй болох юмсан яах вэ?
Хэл сурахгүй бол болохгүй нь яах вэ?
Сайхан хоол идмээр байна яах вэ?
Дэлхийгээр зугаалж үзмээр байна яах вэ?

Энэ бүх асуудлууд биднийг одоо зовоосоор л байна. Цаашид ч зовоосоор л байх болно? Амьдралын жам.

Гэтэл Монголгүй бол бид яах вэ?
Эх нутаг, эх орон минь байхгүй бол яах вэ?

Та бүхэн www.mongol.com гэсэн хаягаар ороод хараарай.
Өвөр Монголын сайтууд кириллээр бичээд эхэлчихсэн байгааг анзаарцгаа.

Тэгээд дараа нь бид яах гэж ингэж хэрэлдээд байгаагаа ойлгох байх.

Биднийг хэрэлдүүлээд байна шүү.

Одоо хэрэлдэхээ болиод, цэцэрхэхээ болиод, дор бүрнээ, хамтаараа, бултаараа нийлээд, шивнэлдэж байгаад ч хамаагүй НЭГДЛИЙН тухай ярилцах ЦАГ НЬ боллоо. Яг яаж нэгдвэл Монгол орноо хөгжүүлээд, тусгаар тогтнолоо хамгаалаад, Монгол хүмүүс сайхан амьдрах вэ? гэдгийг нухацтай ярих цаг нь болсон.

Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье гэж ЭХ ОРОНДОО би хэлдэг гэсэн сайхан үгийг суут яруу найрагч шүлэглэсэн байдаг.

Өвгөд маань бол үүнийг биеэрээ хэрэгжүүлсэн хүмүүс.
Харин бид, үүнийг үнэн сэтгэлээсээ хэлчих хүн байна уу? Чадна гэдэг үгийг зүрхний угаасаа хэлсэн үү?
Тэгвэл бид мэддэг ч гэсэн цаг нь болохоор болох байх гэж биш, өнөөдрөөс эхлэхгүй бол болохгүй нь.
Чингис хаан маань "Өглөө бүр надад Тангууд улс мөхөөгүйг сануулж бай" гэж хэлснийг санаж сэрэх цаг нь боллоо.
Тэд далд байдлаар эх оронд минь шунадаг байсан бол одоо бүр ИЛ байдлаар шунадаг боллоо. Үүнийг хараад зүгээр суугаад байх аваас ӨВГӨД маань бидэнд гомдоно.

Энд эх оронч хүн бүхэн үхээд бай гэж ухуулж байна гэж битгий ойлгоорой. Зарим нь тэгэж гуйвуулж ярих дуртай тул тодрууллаа.

Эх орныхоо төлөө зүгээр үхэж болохгүй. Хүний ертөнцөд харвах од мэт жирэлзээд өнгөрөх амьдралын утга учир нь удмаа үлдээх л явдал гэж би боддог.
Тэгэхээр олон олон удмаа үлдээх хэрэгтэй, зүгээр үлдээхгүй ухаантай хүмүүс болгож үлдээх хэрэгтэй.
Зовж байж жаргадаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгох ёстой. Зарим залуус маань зоволгүй жаргах гээд хүсээд байна.
Жаргал гэж яг юуг хэлдэг вэ гэдгийг бодох ёстой.

Юмыг хүсэж байгаа бол БҮТЧИХСЭН гэж үзээд надад хэрэгтэй юм уу? Бидэнд хэрэгтэй юм уу? Үүнээс илүү хэрэгтэй юм байна уу? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд хэрэгтэй гэсэн хариуг өгч байх юм бол хэрэгжүүлэх гэж махран зүтгэх хэрэгтэй.

Зовлон гэж бодож байсан бүхэн туулаад өнгөрсний дараа өөрт нь ядаж туршлага болж байдаг. Түүхийг судлаад /түүхийн ШУ биш зүгээр л өнгөрсөн үе/ алдаа оноог нь сайн нягталж чадах юм бол бага зовно.

Хүнд чухал зүйл гэж байдаг. Аав ээж, ах дүүс, найз нөхөд, ураг төрөл, элгэн садан, газар нутаг, эх орон гээд тоочоод байвал олон юм бий. Үүнээс хамгийн чухал нь аль нь вэ? Жаран чавганц уралдахад 1 нь түрүүлдэг гэдэг үг байдаг. Чухлуудын дотроос хамгийн чухлыг нь хэл гэвэл юуг хэлэх вэ?
Миний хувьд "ЭХ ОРОН" 1-рт. Хүн бүр дор бүрнээ үүнийг бодоорой. Хэрвээ 1-рт "Эх орон" гэсэн хариу гарахгүй байгаа бол зүгээр л хамгийн таалагддаг орноосоо цагаачлал хүссэн нь дээр.

Эх орноо АВАРЧ үлдэцгээе.

Энд хятадуудыг ЗОДООД бай гэж ухуулаагүй шүү. Зарим нь тэгэж гуйвуулдаг.
Шилжүүлэн зайлуулах аргаар тэмцэх хэрэгтэй. Хятадын сайн ресторан байгаа бол ХАЖУУД нь монгол МАШ САЙН ресторан хамтраад байгуулъя. Хятадын сайн бараа байгаа бол түүнээс илүүг нь хийгээд хэрэглэе. Хятадууд л ажил сайн хийгээд байгаа бол Санаагаа уралдуулж байгаад ажил МАШ сайн хийдэг Монгол хүнийг дундаасаа бий болгоё.

Бидэнд хийх юм их байна. Харин цаг бага байна. Хоорондоо хэрэлдэхээ болъё.

"Аавын бийд Газар үз"

"Аав нь та нарыг юм сураад иртэл чинь эх орноо манаад байж байя. Хурдлаарай. Чи эргэж ирээд миний халааг авна шүү" гэсэн утгатай гэж би боддог.

Ийм болохоор "Гадаадад байгаа Монголчуудыгаа МАШ их юмыг сураад, хурдхан буцаад ирээч ээ" гэж гуйх байна.

Зарим хүн надад "Яарвал даарна" гэж хэлэх л байх. Гэхдээ л яарахгүй байж болдог юм, болдоггүй юм гэж бас байдаг гэдгийг бодох ёстой.

Юм сурсаар л, ажилдаа гарших гэсээр л байх хооронд хүүхэдтэй болох боломжтой цаг хорогдсоор л байна. Монгол улсад ч тэр, хүнд ч тэр ХҮН шиг их хэрэгтэй зүйл алга.

Монгол улсын тогтвортой хөгжих, тусгаар тогтнох жинхэнэ гарц нь амжаад олон Монгол хүүхэд төрүүлэх юм шүү.

Тангууд улс өнгөлзөж байна гэдгийг өдөр бүр биендээ сануулцгаая.

Эх оронгүй бол бидэнд өөр юу ч хэрэггүй.

Авилгын Талаарх Нийтлэлд Минь Сэтгэгдэл Бичигчдэд Хариу

Энхбаяр Хүрэлсүх хоёрын хэрүүлээс бид юуг харав. Бие биенийхээ НО-гоор барьцаалаад асуудал шийдэгдсэнгүй.
Засгийн газрын сайдуудын огцруулах асуудал яав. Биесээ барьцаалсаар байгаад л өнгөрлөө.
Гүндалай сайд байхдаа баахан хүнийг идэж уусан гээд халлаа. Одоо тэд зөөлөн суудалдаа байж л байна.
Отгонбаяр сайд Даш генералыг ажлаас нь халах гэлээ. Одоо тэр даргаа хийгээд л байж байна.

90-ээд оны банкны өр барагдуулах албаны ажиллагаа юу болов? Биенээ барьцаалсан, шантаажилсан олон муу үр дагаварыг авчирсан. Тэгээд юу олж долоов. Эцэст нь Центрпоинтын хэрэг гэх дуулиант хэргээр цэг тавигдан замхарлаа.

Энэ хэзээ цэгцрэх вэ?

МИНИЙ талаар олон юм яриад байх юм бол ӨӨРИЙН чинь талаар ч ярих зүйл их бий шүү гэхээр л таг болдог зарчим дээр дооргүй үйлчилж биесээ улам бат хүлсээр л байна.

Сүүлдээ хувь заяатайгаа эвлэрээд бүгдээрээ тэртэй тэргүй ийм л байдаг гээд л яваад байдаг.

Энэ нь Танд, Бидэнд, Монгол улсын маань тусгаар тогтнолд аюултай.

Бас нөгөө талаас нь Авилгын Өршөөлийн Хуулийн бас нэг зорилго бол Монгол хүмүүсээ гадаадынханд барьцаалагдчихаад байгааг суллая гэсэн санаа юм шүү.

Гадаадынхан манай дээдсийн заримыг, зарим албан тушаалтнуудыг хорхойг нь хүргэж байж авилга өгч жижиг зүйл хийлгэчихээд дараа нь ХИЙСЭН ХЭРЭГТ нь дөрөөлөөд өөр том буюу БИДНИЙ ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН зүйлийг тэднээс шаардаад, маяглаад байх юм бол АСУУДЛЫГ чинь ил болгоно шүү. Авдаг юм аа аваад дуугүй наад Оюу толгойгоо өгөөдөх, баялаг ордуудаа өгөөдөх гээд шантаажлаад байна.

Тийм болохоор Монгол хүний сийрэг ухаанаар сэтгэж ГАДААДЫН ШУНАХАЙ НОЁДЫН 2 нүүдэл харж хийсэн үйлдэлд ХАРИУ БОЛЖ ЧАДАХААР 3 дахь нүүдлийг хийгээд МАД тавья гэсэн юм.

Гадаад хүнд байдгаа цөмлүүлснээс Өөрсдийн хэдээ уучилчихаад хэлэх үгийг нь харцгаая.

“Манайхан намайг уучилсан чи битгий хуц, зайл гэж хөөгөөд” энэ гадаад баагий надад ?? сая доллар өгчихөөд 300 тэрбум долларын “Уул”-аа өг гээд байгаа юм даа гэж бидэнд ховлоход нь БИД ёстой Лондонгийн Арбитрийн шүүхэд өгч байгаад, хувьцааных нь ханшийг унаган дампууруулж байгаад ч хамаагүй Монголоос хөөхгүй бол болохгүй нь.

Тэгэж хэлэхгүй “Уул”-аа гадныханд өгчихвөл харин бид өршөөхгүй шүү.

МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ

Монгол хүнээ өршөөчихөөд муу санаатай зарим Гадаад нөхдийг Монголд байх газаргүй болгохгүй бол Манай дээдсүүдийг уяатай нохой мэт удирдаж байна.

Тэгэхгүй бол тэдний дунд яаж ч чадахгүй хүний барьцаанд орчихоод, хамаг булхайг нь хэлчихвэл Монголчууддаа алуулна гэж нуугаад хэлснийг нь хийхээс өөр аргагүй байгаа хүмүүс олон байгаа гэж би боддог.

Нэг удаа уучлаад байхад түүнийг ашиглан цэвэрших хүсэлгүй дахин авилга авагчийг бол ЦААЗАЛСАН Ч яах вэ?

Ажилтнаа халж чаддаггүй Сайд, гадаадын занхайсан нөхөр болон монгол иргэдийнхээ дунд ацан шалаанд орж яаж ч чадахгүй байдалд орж арга саам хайсан дээдэс ЮУГ ӨГҮҮЛЖ БАЙНА ВЭ?

Тэд барьцаалагдсан байна. Тэдэн дунд цэвэрших хүсэлтэй хүн олон байгаа гэж би боддог.

Монгол Өвөг дээдэс уучлах хүнээ уучилж чаддаг байсан ТҮҮХТЭЙ.

Чингис хаан дүүгээ алахад Өүлүн эжий уйлан хайлан байж 5 сумны домгийг ярьж өгдөг.
Түүнээс хойш Чингис хаан Өүлэн эхийн ИХ ХАЙРЫГ ДААЖ, дайснаа ч уучилж ИХ хэргийг бүтээсэн.
Чингис хаан Жамухыг хүртэл уучилсан. Ухаант анд нь өөрийн хийсэн нүглийн мэдээд өөрийгөө харин уучлаагүй.

Үүнийг бид мэддэг мөртөө, ярьдаг мөртөө бид алдсан хүнийг уучилдаг билүү.

Нэг л удаа уучилъя. Тэгээд л гүйцээ гэж цөмөөрөө хэлж болохгүй гэж үү?

Зарим санал дотор Ганцхан хүнийг өршөөгөөд бусдыг нь ГЭСГЭЭЛГЭХ тактик сонгое гэсэн байсан.

-Тэр ганц хүн чинь буруу шийдвэр гарган Сталин болохгүй гэх баталгаа байгаа юу?
-Тэр ганц ЦЭВЭР ХҮН ЧИНЬ бохир хүмүүстээ дийлдвэл яах вэ?
-Энэ удаадаа сайн байг залгамжлан гарах хүн нь цэвэр хүн үү?
-Ганц хүнээ алдвал яах вэ?
-Луугийн хувьд ганц чоныг базахад л хангалттай сайхан боломж бүрдэх эсэхийг судлаж үзсэн үү? гэж би асуусан.

Аливаа зүйлс аль болох олон хүнээс хамааралтай байх юм бол эрсдэл багатай байдаг.

Монгол Улсад 1 хүний засаглал тохирохгүй.
Чингис хаанаас өмнө ч, хойно ч байсан олон хаадын түүх үүнийг гэрчилнэ. Олон хаад ноёд, дээдэс маань Бээжин, Москвад ясаа тавьсныг бид мартах учиргүй.

Аль нь жинхэнэ авилгач вэ? гэдгийг ялгаж салгах ГАНЦ боломж бол АВИЛГЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ.

Миний хувьд “Асуудал ярьж эхэлсэн өдрөөр тасалбар болгоод Монголын бүх иргэнийг цэвэр гэж зарлая” гэсэн байдлаар авилгын асуудалд гарааны нөхцлийг ижил болгон хийхийг санал болгож байна.

Ер нь авилга бол тэртэй тэргүй нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг зүйл. Харин савнаасаа халихаараа нийгэмд аюулыг авчирдаг. Монгол улсын хувьд бол одоо САВНААСАА хальчихаад байна.
Саванд нь эргэж оруулахын тулд цус урсгах хэрэгтэй гэж олонхи үзвэл түүгээрээ болог.

Энэ чигээрээ байя гэж олонхи үзвэл дураараа л болог.

Гэвч дэлхий дээр "авилгач авилгачаа шүүдэг" тогтолцоотой улс Монгол болон тоталитар дэглэмтэй улс орнуудаас өөр байхгүй. Энэ нь өөрөө шинэ маягийн хэлмэгдүүлэлтийг бий болгох аюултай.

Авилгын ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ бол жинхэнэ авилгач, хэлмэгдэн татагдан орогсдыг ялгах ТОМ БОЛОМЖ.

Тэгээд ч давтан хэрэгтэн өршөөлгүй байхаар зүйлчилнэ.

1990 онд бид гарааны нөхцөл ижил л байсаан. Гэхдээ тэр үед зах зээл гэдгээ БАРААН ЗАХААР ойлгодог, Зах зээлийн талаар хүүхдийн мэдлэгтэй л байсан.

Энэ чигээр нь орхивол өөрийгөө шударга гэж боддог чамайг, намайг, биднийг авилгын хэргээр хэзээ нэгэн цагт шийтгэнэ.

Тэр цаг буюу их хэлмэгдүүлэлт айсуй.

Үүнийг бид зогсоож, жинхэнэ нүүр царайг нь ил гаргаж ирэх ЦАГ БОЛЧИХООД БАЙНА.

Энэ ажлыг хамгийн бага зардлаар, монгол хүмүүсийг нийтэд нь хамруулан хийх ганц боломж бол 2008 оны сонгуультай давхцуулан ХИЙХ.

Олонхи юу гэж шийднэ. ТҮҮГЭЭР БОЛЪЁ.

Хятад л биш бол Орос нь идсэн ч яахав гэж миний найз надад нэгэн удаа хэлсэн юм.

Энэ юу болж байна? Энд яагаад Монгол нь идэх тухай байхгүй байна?

Одоо бид Тамын тогооны үлгэрээсээ салж "Гадныхан л биш бол Монгол нь идсэн ч яах вэ" гэж ярьж сурцгаая.
Гэхдээ Яг Монгол нь идээд байна уу гэдгийг маш сайн анзаарах ёстой.

Монголчууд эмх замбараагүй, хоорондоо хэрэлдэн тэмцэлдсэн, бие биедээ итгэдэггүй байдал даамжрах нь Монголд биш Хүрхэрч буй лууд ашигтай.

Луу биднийг цөөн цөөнөөр нь бол зүгээр л залгина. Харин сүрэг чоно шиг байж чадвал яаж ийж байгаад л тэмцэнэ дээ.

Миний хувьд “Авилгын Өршөөлийн Хуулийг” ард нийтээр хэлэлцүүлэхийг хүсч байгаагийн цаад утга нь “Хүрхэрч буй луу”-тай тэмцэлдүүлэх СҮРЭГ ЧОНЫГ бий болгох гэсэн хүсэл билээ.

Монгол орныг минь тэнгэр ивээг!!!!!

Авилгалд цэг тавих арга

Авилга хээл хахууль нэгэнт газар авчихаад Монгол орныг аалзны тор мэт бүрхээд байна.
Үүнтэй тэмцэх цаг нь болсон уу? БОЛСОН.

Дээдсүүд маань том том мөнгө цохин хэтэвчээ зузаатгана. Тэдний мөнгө Монголд биш Гадаадад байгаа.
Монголд байлаа ч өөрийнх нь биш үрсийнх нь нэр дээр хадгаламжинд. Өөр гавьтай ажил хийлгүй улс төр хөөсөн эрхмүүд өөхөндөө баригдан амьдрал нь өөрчлөгдөж байгаа нь нүдэнд ИЛ.

Зуухан мянган төгрөгний цалингийн төлөө Төрийн албан хаагч болох гэж тэмүүлцгээх залуус юуг өгүүлнэ вэ? Тэд ажилд ороод юу хийдэг вэ? Тэд сайхан амьдардаг мэт харагддаг.

Би урьд нь тэднийг устах ёстой гэж боддог байлаа...
Дараа нь арай зөөлрөөд хөрөнгийг нь хураагаад хөөж явуулах ёстой гэж бодлоо...
Эцэст нь Монголоосоо зуу зуун мянган хүнийг хөөх гэж байгаагаа ухаараад ӨӨРИЙГ бодох болов...

Миний шинэ үзэл:

Би авилгыг байхгүй болгохын төлөө одоо байгаагаараа тэмцвэл барьцагч мэт харагдаж, тэмцэл үр дүн өгөхгүй, олон саадтай учрах юм байна гэдгийг ухаарлаа? Та юу гэж боддог вэ?

Авилгачдын эгнээнд өдөр бүр олон хүн нэмэгдсээр л, тэд бие биенээ мэдээллээр, боломжоор барьцаалсаар л, одоо бүр ЦЭВЭР хүн олдохоо болих нь ЦААНА чинь.
Өөрийгөө яллуулах ШҮҮХИЙГ төр байгууллаа ГЭЖ ҮҮ.

Авилгачдын армид төрийн томчууд, төрийн албан хаагчид, эмч, багш, төрийн бус байгууллагууд, компаниуд, хувь хүмүүс, одоо бүр хүүхдүүд нэгдэж эгнээ нь улам л өргөжсөөр. Энэ бол аюул.

Нэг найзтайгаа уулзлаа. Бизнест нь саад учирлаа гэж. Түүний зарах барааны сав баглаа боодол Замын-Үүд дээр саатжээ. "Өгдөг юмыг нь өгөөд ч хамаагүй түргэхэн шиг ачааг минь ирүүл" гэж ажилтнаа загнах найзыгаа хараад би бодлоо...

-Хүүхдээ боломжийн сургуульд оруулахын тулд "Таньдаг" хүнээ хайдаг юм байна?
-Эмнэлэгт хэвтэхдээ хүртэл "Таньдаг" хүнээ хайдаг юм байна?
-Элдэв зүйлс хэрэг болохын цагт "Таньдаг" хүнээ хайдаг нь ЖАМ ёсны мэт үзэгдэл болжээ.

Үнэнээр яваад юу ч олж долоохгүй юм байна гэж шантарсан олон хүнтэй дайралдав.
Өгдөг юмыг нь ч хамаагүй өгье гэсэн хүмүүстэй дайралдлаа.

Олонхи ийм байхад "ӨГДӨГ ЮМЫГ" цэгцэлж чадахгүй. Өнөөгийн нөхцлөөс "хадаг нууж өвөртлөөр Багш ламыг зорих Бумаа авгайн дүр" харагдаж байна. Авилгатай тэмцье гэж хэлчихээд өөрсдөө өгөхөөс аргагүй байдал ордог ийм нийгэм тогтжээ. Эрүүл мэнд, хууль шүүх, боловсрол авилгад идэгдэх нь, ЭНЭ БОЛ АЮУЛ.

За яахав "Өгдөг юмыг авагчид"-тай хийх тэмцлийг хийцгээе л дээ.

ЦААЗАЛЪЯ, НАРСАНД СУУЛГАЯ...

Гэтэл байдал нэг л ӨӨРӨӨ. Явсаар байгаад би ч хүртэл авилгач болох нь. Хүүг минь сайхан харж байсан гээд цэцэрлэгийн багшид нь өгсөн бэлэгнээс болж БИ эвгүй байдалд орж мэдэх нь. Бодлоо...

Авилгатай тэмцэх гэсэн хэсэг бүлэг байхад өгсөн, авсан, тэдний хамаатнууд гээд л МАШ ТОМ хоёр хүчний сүрт ТУЛААН болох юм байна.

Бодож бодож бодож бодож НАДАД НЭГ САНАА ТӨРЛӨӨ.

АВИЛГЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ

Яадаг юм бэ? Би эднийг алахыг, Монголоос хөөж явуулахыг ХҮСЭХГҮЙ л байгаа юм байна шүү дээ? Нэг удаа уучилъя. Харин дахиж уучлахгүй шүү!!!!!!

"Гарааны нөхцөл ижил байх нь бие биенээ барьцаалан Авилгалыг газар авахуулахыг цэгцлэх цорын ГАНЦ АРГА юм байна" гэж дүгнэлээ. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН МИНИЙ Л САНАА. Таалагдахгүй бол уучлаарай.

Одоо сүүлдээ баярласан сэтгэлээ илэрхийлэн бэлэг өгсөн ХҮН хүртэл Авилга өгсөн мэт болж харагдах гээд байна.

Иймд энэ асуудлыг олуулаа хэлэлцье. Авилгаас салцгаая.

Авилгатай тэмцэх ганц арга бол ГАРААНЫ НӨХЦЛИЙГ ИЖИЛ БОЛГОХ.

Боломж бүрдлээ. 2008 оны сонгуультай давхцуулан Орон даяар Хэлэлцүүлэг явуулъя.

Бүгдээрээ хэлэлцвэл БУРУУГҮЙ
Бүлээн ухаанаар шийдвэл АВИЛГАГҮЙ

Ханан дахь хивсээ зарж уудаг архичин шиг төр

Зах зээлийн салхи Монгол эх оронд минь шуурсаар 17 жил боллоо. Шуурга намжих төлөвтэй. Бид баярлаж байлаа...
Шуурга шууран шуурсаар аадрын бараан үүлсийг аваад ирснийг бид одоо л анзаарч байна.
Монгол аавын хүүхдүүдэд гэрээ хурдхан нүүлгээд өндөрлөг газарт буух, аадрын усыг тосч аваад амьдрал ахуйдаа хэрэглэчих ухааныг өвөг дээдэс заяасан билээ...

Социализмын үед өвгөдийн буянаар байгуулсан бүхнийг АРД түмэнд өглөө гэж тэд хэлсэн. Бид баярлаж байлаа. Гэвч дөнгөж сургуульд ороод байсан бяцхан ухаан маань нарийн учрийг ойлгох арай л болоогүй байжээ.
Дөрвөн аргын тоо заалгаад өмчөө зарцуулах гэтэл тэд та нар арай л болоогүй байна. Дээд сургуульд ороод зарцуулаарай гэж хэллээ. Бид за за гэлээ.
Дээд сургуульд ороод баахан онолдуулаад, мэдлэгийн хүрээ маань тэлээд анзаартал тэд бидэнд өмчөө өгөхдөө хяналтын багцыг нь өгөөгүй юм байна шүү дээ гэдгийг ойлголоо. Бид хүүе та чинь үлдсэн хэсгийг нь өгөөчээ гэтэл та нарт одоохондоо туршлага байхгүй байна, 3 жил ажиллачихаад ир, тэр хугацаанд чинь гадаадын туршлагатай хүнд өгөөд ажиллуулж байя гэв. Бидэнд хяналтын багцыг барих боломжийг олгосонгүй. Бид энэ үед нэгэнт түүний хийсэн зүйлсийг ойлгох ухаан суусан байв. Тэр биднийг хүүхэд гэж ойлгосон хэвээ л байв.
Хашааныхаа газрын талыг нь бидэнд хэлэлгүй өөр хүнд түрээслүүлчихсэн байх юм. Бид мэдчихээд тэд ингэж байгаад цадах байхаа гэж бодсон. Тэд цадсангүй.
Бид дээд сургууль төгссөнөөс хойш 3 жил ажиллачихаад бас ч үгүй туршлага хуримтлуулчихаад байгаа билээ. Бид одоо 50-ийн талыг наслаад байна.
Одоо тэр өвөөгийн минь үлдээсэн хөөргийг зарах гээд биднээс нуугаад зар тавьчихсан байна.
Тэр донтжээ. Юу хийж байгаагаа мэдсэн ч болъё гэж хэлэхэд организмаа тархи нь захирч чадахаа нэгэнт больжээ. Тэр одоо бүр эрээ цээрээ алдаж гүйцлээ. Больё.

Өвөөгийн байгуулсан компанийг Та л үгүй хийсэн, одоо өвлүүлж үлдээсэн хөөргийг нь зарах гээд байж байна. Өвөөг маань мартуулдаггүй тэр сайхан зүйлийг мөнгөөр битгий хэмжээч. Хүү нь өөрөө компани байгуулаад түүнээсээ мөнгө олоод заримыг нь танд өгч байя гэж гуйлаа...

Хүн аавыгаа сонгож төрдөггүй бол
Ард түмэн аавыгаа сонгож болдог билээ.
Ард түмний аав бол ТӨР
Хоорондоо сайн ярилцаж байгаад ААВАА сонгоцгооё.

Төмөр нүүртэй гээд инээдэг байсан бол одоо цагт Төр хуурамч нүүртэй болчихоод биднийг даажигнаж байна.
Ард түмэнгүй төр гэж байдаггүй гэдгийг Үйл ажиллагаагаараа тэдэнд харуулцгаая.

Өвөөгийнхөө өвлүүлсэн хөөргийг цөмөөрөө авч хоймортоо залчихаад үлдсэн хөрөнгүүдээ нийлүүлж байгаад шинээр эхэлье. Бидэнд боломж байна.

Төрийн хувьд хүү нь үргэлжид л балчир мэт санагддаг ажээ. Харин угтаа бол бид одоо том болсон хүмүүс.
Цөмөөрөө хөөргөө зарчихаад сайхан том компани байгуулъя. Үр ашгийг нь та нар л хүртэнэ шүү дээ гэж тэр биднээс шалсаар л байна. Бид автахгүй.

17 жил архи ууж зовоосон түүний буянаар бид ХАТ суужээ. Барагийн юманд хууртахааргүй ХЭРСҮҮ толгой болсон байна.

Даахин дор байсан хүлэг гийнгоон дуугаар сэрэв
Дахан дор байсан эрс уухайн дуугаар сэрэв
Морин хийморьт Монгол түмний ухааны цараа хумигдаагүй цагт
Муу бүхнээс үрсээ хамгаалах ӨВГӨДИЙН буян нимгэрэхгүй

Бидэнд одоо хамтран АЖИЛЛАХ үлдлээ. ЯРИЛЦЪЯ.

Боломжоор БАЯН, Одоогоор МӨНГӨГҮЙ ард түмэн минь "Олонхиор сэтгэх цаг болсон"

Монголчууд маань тэнэг байна, эрчүүд новшнууд, архичид, зугаа цэнгэлд дуртай, хүүхнүүд янхнууд, гадаадынханд юугаа ч өгөхөөс буцахгүй, ажил хийж чаддаггүй, ядуу гуйлгачид, ийм байхдаа таарсан амьтад, ард түмэн тэнэг, хувиа хичээсэн хөгийн хүмүүс гэх мэт биднийг тодорхойлдог олон олон муухай ХЭЛЦ үгүүд байдаг.

Би ч үүний заримаас хэлж, хэлэлцэж л байлаа. Та ч бас заримыг нь хэлдэг л байх гэж...

Өдөр бүр л энд тэнд ухаанаа уучихаад хэвтэх архичид, УБ-ийн үүдээр эргэлдэх янхнууд, баасан гаригийг тэмдэглэгч залуус, өвчтэй, тураалтай хүүхдүүд, гудамж метрлэх ажилгүй залуус гэх мэт...

МОНГОЛ УЛС МИНЬ ЯАЧИХВАА? БИД ЯАЖ АМЬДАРНА ДАА? МИНИЙ САНАА ИХ ЗОВЖ ШАНАЛЖ БАЙНА.

Би үүнийг засч залруулах тухай их л бодлоо... Удаан бодлоо... Хамгийн гол нь бодлогоо зөв тавьж чадвал хариу нь зөв гардаг. Би математикч хүн. Бодлогоо тэднийг ЖИРИЙН ХҮН БОЛГОХ гэж томъёоллоо. Өгөгдхүүнээ оруулах гэтэл би нэг зүйлийг АНЗААРСНААР энэ бодлогоо түр ХОЙШ тавьсан билээ.

Асуулт

-Хэдэн архичин байдаг вэ?
-Хэдэн янхан байдаг вэ?
-Баасан гаригийг хэдэн залуу тэмдэглэдэг вэ?
-Хэдэн хүүхэд тэнэмэл, өвчтэй вэ?
-Хэдэн залуу ажилгүй вэ?

Анзаарсан зүйл

-Гудамжинд хэвтэх архичингийн дэргэдүүр бидэнд үл анзаарагдах ЖИРИЙН ХҮМҮҮС үй олноороо явж л байна. Би үүнийг анзаараагүй байна.
-Элдэв янзаар нүүрээ будсан МУУ НЭРТ эмсийн хажуугаар нүдэнд үл өртөх хэзээ ч үл УРУУ ТАТАГДАХ бүсгүйчүүд яваад л байгаа юм байна.
-Баасан гаригийг нэг хэсэг нь тэмдэглэн байхад тэднээс ЗУУ дахин олон залуус сайхан амрахаа бодон НОЙРСОЖ байгаа юм байна.
-Гудамжаар тэнэх хүүхдүүдээс хэдэн ТҮМ дахин илүү хүүхдүүд ХИЧЭЭЛЭЭ сонсож байгаа юм байна.
-Ажилгүй залуус гудамжийг гутлын улаараа шүүрдэж байхад тэднээс МЯНГА дахин олон залуус ХӨДӨЛМӨРИЙН талбарт цалин ШҮҮРДЭЖ байгаа юм байна гэдгийг ОЛЖ МЭДЛЭЭ.

Хэзээнээс бид цөөнхөөр сэтгэж эхлэв ээ? Үүнд хэн буруутай вэ? Би бодлоо...

-Хүний мэдрэхүйн АНХААРАЛ татахгүй бол сонирхогддоггүй гэсэн субьект ийм байдалд хүргэжээ.
-Монголчууд ядуу байна гэж ОЛОН УЛСААС ТУСЛАМЖ гуйдаг дээдсүүд ийм болгожээ.
-Монголчууд өвчтэй, ажилгүй байна ТУСЛААЧ гэдэг төрийн, төрийн бус байгууллагууд үүнийг хийчихэж.
-Монголчуудыг ТЭНЭГ байлгах гэсэн ГАДААД ХҮЧИН зүйл үүнийг хөхүүлэн дэмжиж байна.

Цөөнхөөр сэтгэхийн САЙН тал

-Тэдэнд угаасаа анхаарал тавихгүй бол болохгүй.
-Тэдний асуудлуудыг шийдчихвэл бидний сэтгэл амарна.
-Бид хүнд санаа тавьж анхаарал тавьж байна гэдэг маань биднийг нийгэмшиж байгааг илэрхийлнэ.

Цөөнхөөр сэтгэхийн МУУ тал

-Бид хэтэрхий их шаналснаасаа болж хэт ЯАРЧ байна.
-Түргэхэн сайхан болгохын төлөө өөрсдийгөө ЗОЛЬЖ байна.
-Өөрийгөө мартахад хүрээд байна.
-Хэт их самгардсанаас болж бид БУСДЫН идэш болж болзошгүй байна.

Иймээс дараах зүйлсийг санал болгоё.

-Түр зуур тайвшраад ХАМТДАА бодъё.
-Өөрсдөдөө эхлээд анхаарал тавьчихъя. Гэхдээ бусдын мартаж болохгүй.
-Одоохон найз нь эхлээд үүнийг хийгээдэхье, миний найз тэсч байгаарай ОДООХОН гэж хэлцгээе.
-Өөрөөс чинь ард түмэн эхэлнэ гэдгийг ОЙЛГОЦГООЁ. Түүнээс биш ард түмэн гэж нэг том юм байдаггүй.
-ОЛОНХИД, нүдэнд үл өртөх АНЗААРАГДАХГҮЙ байгаа тэр олонхийг АНХААРЧ ЭХЭЛЬЕ.
-Хүнд ч тусласан юм байхгүй, өөртөө ч хэрэг болсон юм байхгүй АЛИНД Ч ҮГҮЙ, ХАМАРТ Ч ҮГҮЙ гэдгийг анзаарцгаая.
-Бид боломжтой болчихвол ТЭРТЭЙ тэргүй бусдадаа туслах сайхан сэтгэл маань байж л байна.
-Монголчууд ядуу байна гэдэгтэй БИТГИЙ САНАЛ НЭГД.
-Биднийг ядуу байлгах нь ТУСЛАМЖИЙГ ЗУВЧУУЛДАГ ГАДААД ДОТООД МУУ ГАРУУДАД ХЭРЭГТЭЙ.
-Цаг нь болохоор шаардлагатай тусламжуудыг дэлхий үзүүлэхээс татгалзах.
-Бидэнд гомдох боломжтой гэдгийг анхаарах цаг нь болжээ.

Зарим нэг жишээ:

-Монгол улс 6 жилийн туршид "Шүлхий" өвчин гарлаа гээд гадаадаас "ТУСЛАМЖ" цохьжээ. Үүнээс болж гадаадынхан тэсэлгүй "Дэлхийд ийм давтамжаар шүлхий гарсан тохиолдол байхгүй. Та нар одоо болиоч. Арай ч дээ" гэж манайханд хэлэхэд манайхан "ИЧЭЭД" больсон байгаа юм. Энэ нь бидний багадаа уншдаг байсан "Бамбар, тугал хоёр"-ын үлгэрийг эрхгүй санагдуулж байгаа мэт. Жинхэнээсээ аюул тохиолдоод байхад туслахгүй байгаа "Хонгор сумын асуудлаас" энэ бүхэн харагдаж байгаа бус уу? Дэлхий бидэнд итгэхээ болих нь байна шүү дээ.

-Тэрбум долларын валютын нөөцтэй Монгол улс, МСС-аас авсан 285 сая доллараар Монголоо хөгжүүлэх ГЭНЭЭ. Тэрбум доллараа хэнд хадгалаад байгаа юм бэ? Юу гэсэн үг вэ? 285 саяаар аймаар их юм хийж байж. Тэрбум доллараар 4 дахин АЙМААР ИХ юм хийж болдоггүй хэрэг үү.

-Тэгэхээр Монголыг ядуу гэж хэлэх нь надад л лав ашиггүй. Та нарт ямар вэ? Ядуу гуйлгачинд зээл олгодог гэж үү? 100 тэрбум долларын зээлийг Монгол улс авч чадах уу? БИД хэдэн мянган триллион долларын газрын баялгийг өвөг дээдсээсээ өвлөж авсан нэгэн цагийг эзэлсэн Монгол аавын хүүхдүүд. БИД газрын баялгаа заавал ухахгүйгээр ГЭРЧИЛГЭЭГ НЬ үзүүлээд ЗЭЭЛ аваад өөр аргаар мөнгө олох боломжтой өмчтэй Боломжоор БАЯН, Одоогоор МӨНГӨГҮЙ ард түмэн.

Төгсгөл дуусаагүйн оронд...

"Аливаа зүйлс сайн муу хоёр талтай" гэдгийг дахин сануулъя.
Гэмт хэрэгтэн байхгүй бол цагдаа байхгүй.
Ухаан муутай хүн байхгүй бол сайн багш байхгүй.
Өвчин байхгүй бол эмч байхгүй.
Хэрэг зөрчил байхгүй бол ШҮҮХ байхгүй.
Асуудал байхгүй бол анхаарал тавих шаардлага байхгүй.
Асуудалгүй бол амьдрал утгагүй.

Энэ бүхэн нь Муу бүхнийг өөгшүүлэх өчүүхэн ч санааг агуулаагүй бөгөөд бид хэдий их хүссэн ч АСУУДЛУУД байсаар л байх болно.

Асуудал бол нийгмийн ОРШИН байхын баталгаа юм

Сул талаа түр зууртаа давуу тал болгож хувиргавал Давуу талдаа түшиг болно.

Урт хугацаанд хамтдаа төлөвлөж
Олонхиор сэтгэцгээе!

Харьд Одсон, Одохоор Завдаж Байгаа Залуустаа Хандаж Хэлэх Үг!

Элэг нэгт ахан дүүс та нартаа Амар байна уу? хэмээн мэндчилье.

Цагийн салхи, амьдралын эрхээр энд тэнд түр хугацаагаар таран одсон Монголын мянга мянган залуус та бүхэндээ сайныг ерөөе.
Ороо бусгаа нийгмийн өөрчлөлт, ойворгон сагсуу өөрийгөө бодсон төрийн томчууд, улстөрчид, муу хүмүүс, өнөө цагийн хатуу бүхэн та бүхнийг харьд одоход хүргэсэн.

Урьд нь би та нартаа гомддог байлаа.

Элдэв үгээр дайрдаг байв. Зугтагсад, Хувиа хичээгсэд гээд л. Монголдоо хурдхан ИР гээд л.
Та нар намайг ВИЗ нь гараагүй гээд л.
Би хариуд нь үлдэгсэд бүгд ВИЗ нь гараагүй хүмүүс биш гээд л.
Та нар намайг атаархагч гээд л.
Би хариуд нь "Та нар ясаа ч болтугай Эх орныхоо хөрсөнд булаарай, тэгвэл ядаж Бордоо болно" гээд л.
. . .
Энэ бүхний эцэст би, бид яах гэж ингэж муудалцана вэ? гэж бодлоо.

Би өөртэйгээ ярилаа, өөрөөсөө асуулаа, бодлоо . . .?

"Би Та нарыгаа яах гэж явсныг мэдэж байгаа юм байна.
Та нар минь хувиа хичээгээгүй юм байна.
Монголдоо хурдан ирэх гэж ТЭМҮҮЛЖ байгаа юм байна.
Монголоо ХӨГЖҮҮЛЭХИЙГ хамгаас их хүсч байгаа юм байна" гэсэн хариуг дотор хүн минь НАДАД хэлж өглөө.

Одоо яахав ээ? гэж өөрөөсөө асуулаа . . .

Та нартайгаа ХАМТ байх ёстой юм байна гэдгийг ОЙЛГОЛОО. Мэдээлэл харилцаа хөгжсөн өнөө цагт ТА нар дэргэд минь байгаа юм байна.
Захих зүйл байгаа юм байна.
Ирэхдээ Надад, Бидэндээ, Монгол эх орондоо БЭЛЭГТЭЙ ирээрэй гэж захих ёстой юм байна.

Ирэхээсээ өмнө бидэнд явуулах БЭЛЭГ хэрэгтэй юм байна. Та нартаа захья.

-Хэрвээ Чи наанаа өндөр цалин авч байгаа бол наадуул чинь яаж өндөр цалин өгч чадаж байгаа талаарх СУДАЛГААГ НЬ.
-Ямар хэмжээтэй байшин хэрэг болдог вэ? ЗУРГИЙГ НЬ.
-Хэдэн хүн ажилладаг юм бэ? АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙГ НЬ.
-Ямар техник хэрэглэдэг юм бэ? ЖАГСААЛТЫГ НЬ.
-Үүнийг Монголд хэрэгжүүлж та нар чадах уу? АСУУЛТЫГ.

Үүнийг та нар бидэндээ явуулчих юм бол БИД энд дараах зүйлсийг хийгээд БАЙЖ байя.

-Барилгыг нь бариад БАЙЖ байя.
-Хотынх нь суурийг ТАВЬЖ байя.
-Хүмүүсээ нь бэлтгээд НИЙГЭМШИЖ байя.
-Техникийг нь судлаад МОНГОЛЧИЛЖ байя.
-Мөнгийг нь цуглуулаад ХАДГАЛЖ байя.
-Чадахаа хийгээд БҮТЭЭЖ байя.
-Эрүүл мэнддээ АНХААРЧ байя.
-Эх орноо нүд цавчилгүй МАНАЖ байя.

Ирэхдээ бас БЭЛЭГТЭЙ ирээрэй. Шуналтчихлаа уучлаарай.

-Өндөр мэдлэг ӨВӨРЛӨӨД ирээрэй.
-Туршлага, дадлага ӨВЛӨӨД ирээрэй.
-Технологийг нь тархиндаа НУУЦЛААД ирээрэй.
-Өнөр өтгөн гэр бүлээ ДАГУУЛААД ирээрэй.
-Нилээд хэдэн доллар ЦҮНХЛЭЭД ирээрэй.
-Хамгийн гол нь ЗАХИАЛГЫГ нь аваад ирээрэй. Энэ бол хамгийн ГОЛ нь.

Тэгэх юм бол цөмөөрөө борцтой цайгаа хуваан ууж байгаад л БУЖИГНУУЛЖ өгнө дөө. Тэр үед ДЭЛХИЙ биднээс гуйхгүй яах вэ дээ "Хийгээд өгөөч? гэж.
ЗАХИАЛГААР л тасрахгүй бол бид алзахгүй.

Эх орон чинь та нарыгаа хүсэн хүсэн ХҮЛЭЭЖ байна. Ярих зүйл ихтэй ирээрэй.
Цөмөөрөө Хамтдаа бужигнаж байхсан. Олуулаа байх ч сайхан даа.

Тэр цаг удахгүй дээ.