Thursday, November 1, 2007

Ханан дахь хивсээ зарж уудаг архичин шиг төр

Зах зээлийн салхи Монгол эх оронд минь шуурсаар 17 жил боллоо. Шуурга намжих төлөвтэй. Бид баярлаж байлаа...
Шуурга шууран шуурсаар аадрын бараан үүлсийг аваад ирснийг бид одоо л анзаарч байна.
Монгол аавын хүүхдүүдэд гэрээ хурдхан нүүлгээд өндөрлөг газарт буух, аадрын усыг тосч аваад амьдрал ахуйдаа хэрэглэчих ухааныг өвөг дээдэс заяасан билээ...

Социализмын үед өвгөдийн буянаар байгуулсан бүхнийг АРД түмэнд өглөө гэж тэд хэлсэн. Бид баярлаж байлаа. Гэвч дөнгөж сургуульд ороод байсан бяцхан ухаан маань нарийн учрийг ойлгох арай л болоогүй байжээ.
Дөрвөн аргын тоо заалгаад өмчөө зарцуулах гэтэл тэд та нар арай л болоогүй байна. Дээд сургуульд ороод зарцуулаарай гэж хэллээ. Бид за за гэлээ.
Дээд сургуульд ороод баахан онолдуулаад, мэдлэгийн хүрээ маань тэлээд анзаартал тэд бидэнд өмчөө өгөхдөө хяналтын багцыг нь өгөөгүй юм байна шүү дээ гэдгийг ойлголоо. Бид хүүе та чинь үлдсэн хэсгийг нь өгөөчээ гэтэл та нарт одоохондоо туршлага байхгүй байна, 3 жил ажиллачихаад ир, тэр хугацаанд чинь гадаадын туршлагатай хүнд өгөөд ажиллуулж байя гэв. Бидэнд хяналтын багцыг барих боломжийг олгосонгүй. Бид энэ үед нэгэнт түүний хийсэн зүйлсийг ойлгох ухаан суусан байв. Тэр биднийг хүүхэд гэж ойлгосон хэвээ л байв.
Хашааныхаа газрын талыг нь бидэнд хэлэлгүй өөр хүнд түрээслүүлчихсэн байх юм. Бид мэдчихээд тэд ингэж байгаад цадах байхаа гэж бодсон. Тэд цадсангүй.
Бид дээд сургууль төгссөнөөс хойш 3 жил ажиллачихаад бас ч үгүй туршлага хуримтлуулчихаад байгаа билээ. Бид одоо 50-ийн талыг наслаад байна.
Одоо тэр өвөөгийн минь үлдээсэн хөөргийг зарах гээд биднээс нуугаад зар тавьчихсан байна.
Тэр донтжээ. Юу хийж байгаагаа мэдсэн ч болъё гэж хэлэхэд организмаа тархи нь захирч чадахаа нэгэнт больжээ. Тэр одоо бүр эрээ цээрээ алдаж гүйцлээ. Больё.

Өвөөгийн байгуулсан компанийг Та л үгүй хийсэн, одоо өвлүүлж үлдээсэн хөөргийг нь зарах гээд байж байна. Өвөөг маань мартуулдаггүй тэр сайхан зүйлийг мөнгөөр битгий хэмжээч. Хүү нь өөрөө компани байгуулаад түүнээсээ мөнгө олоод заримыг нь танд өгч байя гэж гуйлаа...

Хүн аавыгаа сонгож төрдөггүй бол
Ард түмэн аавыгаа сонгож болдог билээ.
Ард түмний аав бол ТӨР
Хоорондоо сайн ярилцаж байгаад ААВАА сонгоцгооё.

Төмөр нүүртэй гээд инээдэг байсан бол одоо цагт Төр хуурамч нүүртэй болчихоод биднийг даажигнаж байна.
Ард түмэнгүй төр гэж байдаггүй гэдгийг Үйл ажиллагаагаараа тэдэнд харуулцгаая.

Өвөөгийнхөө өвлүүлсэн хөөргийг цөмөөрөө авч хоймортоо залчихаад үлдсэн хөрөнгүүдээ нийлүүлж байгаад шинээр эхэлье. Бидэнд боломж байна.

Төрийн хувьд хүү нь үргэлжид л балчир мэт санагддаг ажээ. Харин угтаа бол бид одоо том болсон хүмүүс.
Цөмөөрөө хөөргөө зарчихаад сайхан том компани байгуулъя. Үр ашгийг нь та нар л хүртэнэ шүү дээ гэж тэр биднээс шалсаар л байна. Бид автахгүй.

17 жил архи ууж зовоосон түүний буянаар бид ХАТ суужээ. Барагийн юманд хууртахааргүй ХЭРСҮҮ толгой болсон байна.

Даахин дор байсан хүлэг гийнгоон дуугаар сэрэв
Дахан дор байсан эрс уухайн дуугаар сэрэв
Морин хийморьт Монгол түмний ухааны цараа хумигдаагүй цагт
Муу бүхнээс үрсээ хамгаалах ӨВГӨДИЙН буян нимгэрэхгүй

Бидэнд одоо хамтран АЖИЛЛАХ үлдлээ. ЯРИЛЦЪЯ.

No comments: