Thursday, November 1, 2007

Монголд 1000 ам доллараас дээш цалинтай ажиллагсадтай 4 хотыг шинээр босгоно

Бүтэхгүй санаа мэт сонсогдох нь гарцаагүй. Гэвч бүтэхгүй гэж бодсон мөрөөдлийг бүтээж чадсан хүмүүс ХҮН ТӨРӨЛХТӨНД нээлт хийдгийг санацгаая.
Миний өмнө бичсэн "Монголын Хөгжлийн Жинхэнэ Гарц" нийтлэлийг уншсан гэж бодож байна.
Монголын шинээр сүндэрлэх 4 том хотын асуудал нь шинээр мэндлэх 7 сая Монгол иргэнээ хүлээн авах суурь нөхцөл, түүнийг хэрэгжүүлэх зорилтын зөвхөн 1 нь юм.

1-р хот: Оюунлаг баялгийг бүтээгч хот
/Дэлхийд гайхагдсан монгол ухаанд суурилсан, шинжлэх ухааны өнөөгийн ололтод тулгуурласан эрдмийн их өргөө сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төвлөрсөн хот/
-Бүх дээд сургуулиуд нэгдэж олон улстай хамтран маш том сургуулийг байгуулах
-Эрдэм шинжилгээний хамгийн том төвийг байгуулах
-Дэлхийн захиалгаар оюуны бүтээл үйлдвэрлэгч outsourcing center-ийг байгуулах
-Тэднийг дэмжих бусад үйл ажиллагааг явуулах үйлчилгээний байгууллагуудын сүлжээг бий болгох
2-р хот: Материаллаг баялгийг бүтээгч хот
/Монголд буй болдог баялаг, түүхий эд, гадаад нөөцөөр үйлдвэрлэл явуулж дотоодын хэрэгцээг хангаад, дэлхийн захиалгаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэржсэн хот/
-Монгол хүн болон дэлхийн хэрэгцээнд тохирсон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх паркуудыг байгуулах
-Тэднийг дотоодын хэрэгцээндээ суурилсан, дэлхийн захиалгаар нэмэлт ажиллагаа явуулдаг байхаар зохион байгуулах
-Тэднийг дэмжих бусад үйл ажиллагааг явуулах үйлчилгээний байгууллагуудын сүлжээг бий болгох
3-р хот: Дэлхийн парламентийн хот
/НҮБ-ыг аажмаар монголд шилжүүлэн байршуулах зорилгоор байгуулагдсан хот/
-Газар зүйн байрлал, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас ажиглавал монгол улс хамгийн аюулгүй бүс нутаг юм.
-Дэлхийн элчин сайдын яамдууд, консулын газрууд, худалдааны төлөөлөгчийн газруудыг энэ хотод төвлөрүүлэх
-Хотын хамгаалалтын асуудал, үйлчилгээний асуудлыг хариуцах байгууллагуудыг байгуулах
-Дэлхийн хэмжээнд зохиогддог төрөлжсөн арга хэмжээнүүдийг энэ хотод явуулдаг байх урьдчилсан нөхцлийг хангах
4-р хот: Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний хот
Монгол орны хөрсөн доорх баялаг, нефть, нүүрс, сэргээгдэх эрчим хүч зэргийг үйлдвэрлэн эцсийн бүтээгдэхүүнээр өөрийн улсыг болон дэлхийг хангах хот
-Хөрсөн доорх баялгийг урт хугацааны төлөвлөлтэйгөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх паркуудыг байгуулах
-Экологи, байгал орчны чиглэлийн үйлдвэрлэлийн паркуудыг байгуулах
-Монгол орны хэрэгцээнд тохирсон машин, механизмын үйлдвэрүүдийг байгуулах
-Сэргээгдэх эрчим хүчээр өөрийн орныг хангахуйц үйлдвэрүүдийг байгуулах

Эдгээр хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь хамгаас чухал бөгөөд үүнд эхний ээлжинд суурьших хүсэлтээ илэрхийлсэн 400'000 мянган /1 хотод эхний ээлжинд 100'000 хүн байхаар/ хүний саналыг авахаас эхэлнэ.

Энэ хотуудад 1000 доллараас дээш хэмжээний цалин авч чадах эсэхийг бүгд дор бүрнээ тунгаагаасай гэж хүслээ.

Хотуудыг байгуулахдаа Монгол улс дор хаяж 20 сая хүн амтай байхаар тооцож бодлого төлөвлөлтийг хийж буй бөгөөд энэ ажиллагаа маань эхний ээлжинд санал төдий зүйл боловч ард түмний дэмжлэгээр баталгаажснаар хэрэгжих боломжтой болно.

Энэ зорилтын төлөө бүх Монголчууд бие, сэтгэл, оюунаараа нэгдэж чадвал хэрэгжих цаг ТУН, МАШ, ҮНЭХЭЭР ойрхон байгаа гэдэгтэй санал нэгдээсэй.

Өүлэн эхийн домгийг бодоод, Чингис өвгийнхөө бүтээснийг харвал бид үүнийг хийж чадна гэдэг нь тодорхой.

Хэдэн жарны тэртээгээс Улс гэрээ төвхнүүлэх гэж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан зүтгэж, бүтээсэн үе үеийн Өвгөдийнхөө бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол орноо энэ цагт эзлэн төрсөн хүмүүн бид мөнхөд мандуулах ИХ ҮЙЛСИЙГ ухаанаа чилээж, хөлсөө урсган, хамтдаа төлөвлөцгөөе, хамтдаа нягтлая, хамтдаа ХИЙЦГЭЭЕ.

Хамтдаа байж чадвал юуг ч хийж чадахыг ӨВӨГ ДЭЭДЭС маань үр бидэндээ түмэнтээ сануулсаар байгаа билээ. Өвгөдийн буян орших болтугай.

No comments: